Б.Түвшинтөгс: Засгийн газрын өр 30 их наяд төгрөгт хүрч, жил бүр 800 тэрбум төгрөгийг хүүнд төлж байна
Агуулга

Төсвийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг Блү Скайд зочид буудалд 10.00 цагт эхэллээ.
МУИС-ийн Эдийн засгийн судалгаа, шинжилгээний төвийн захирал, доктор Б.Түвшинтөгс сүүлийн арван жилд Төсвийн тогтвортой байдлын хууль хамгийн тогтворгүй буюу олон удаа өөрчлөгдсөн талаар илтгэл тавив. Дараа нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийн шинэчлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн н.Сүхдэлгэр тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар танилцуулна.
МУИС-ийн Эдийн засгийн судалгаа, шинжилгээний төвийн захирал, доктор Б.Түвшинтөгс:
-Сүүлийн арван жилд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрхэн мөрдсөн талаар танилцуулъя. Энэ хуулийн нэрийг уншихад л хамгийн тогтвортой байх ёстой ч УИХ есөн удаа өөрчилжээ. Мөн төсөв хэт үрэлгэн явсаар ирсэн. Төсөв тодотгох бүрдээ алдагдлаа нэмж баталдаг, төсвөө тэлдэг. Үүний уршгаар дараах дөрвөн үзэгдэл бий болсон.
- Засгийн газрын өр 31 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 60 хувийг давлаа. АНУ-д энэ үзүүлэлт 100 хувь давсан байдаг гэж ярьцгаадаг. Манайх хөгжиж буй улс тул 60 хувь өндөр тоо.
- Төсвийн зардал огцом өссөөр ирлээ. Ялангуяа 2012, 2016, 2020 оны сонгуулийн өмнө илт өссөн.
- Төсвийн гадуурх зарцуулалт өндөр. Зөвхөн 2021 онд 1.3 их наяд төгрөгийг төсвийн гадуур зарцуулсан.
- Төсвийн орлого, алдагдал хэт хэлбэлзэлтэй явсаар ирсэн. Төсвийн орлогоо өндөр төсөөлдөг. Нүүрс, зэсийн үнийг төсөвт тавихдаа олон улсын байгууллагуудаас хамгийн өндрөөр таамагласан тоог авчихдаг. Иймд төсвийн гүйцэтгэл төсөөлснөөс дандаа доогуур байв.
- Алдагдал өндөр байх тусам Засгийн газар нэмж өр тавьдаг. Өрийн дарамтад гүнзгий ордог.

Уг нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар Сангийн яам төсвийг хэт тэлэх орон зайг хумьсан. Эрдэс баялгийн үнийг өөрсдөө төсөөлөхгүй, гуравдагч эх үүсвэрээс авна гэж заасан. Хэт өөдрөг дэвэргэн төсөв хийлгэхгүй гэж зорьсон. Гэтэл 2012-2016 оны Засгийн газар ДНБ-ээ өндөр төсөөлж, тэр хэрээр зардлаа өсгөжээ. 2019-2021 онд цар тахалтай байсан тул энэ хугацаанд гарсан шийдвэрийг шууд буруутгаж чадахгүй. ДНБ-ийг төсөөлөхөд хэцүү байв.
Одоо ямар арга моодонд орсон гэхээр нүүрс, зэсийн экспортын хэмжээг өндөр төсөөлдөг. Ингээд орлого, зарлагаа мөн л өсгөдөг.
Төсвийн үрэлгэн бодлого ямар үр дагавартай байв?
- 2015 оноос хойш Засгийн газрын нэрлэсэн өр хоёр дахин өссөн. Бид өрийн хямралд ороход ойрхон байна.
- Өрийн үйлчилгээний буюу зээлийн хүүний зардал өссөн. 2012 оноос хойш нийт 8.2 их наяд төгрөгийн зээл төлжээ. Бид жил бүр 800 тэрбум төгрөгийг хүүнд зарцуулдаг. Өрийн үйлчилгээ төсвийн хамгийн муу зарцуулалт. Энэ мөнгө гадагшаа гардаг тул эдийн засагт ямар ч хувь нэмэр оруулдаггүй.
- Ирээдүйд төсөвт учрах дарамт өндөр болно. Бид зээлийн хугацаагаа хойшлуулсаар байна. 2031 он хүртэл зээл төлнө.
- Хэт данхар төсвийн улмаас хувийн хэвшлийг эдийн засгаас шахан гаргаж байна. Засгийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь 2018 оноос өсөж, 30 хувьд хүрсэн. Энэ зардал өсөхөөр нийт эрэлт, зээлийн хүү мөн өсдөг. Улмаар хувийн хөрөнгө оруулалт буурдаг. Ковидын дараа төсөв улам тэлсэн.

Хэрэв бид 2012 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын хуулиа дагасан бол ямар байх байсан бэ?
Яагаад төсөв хэт үрэлгэн байсан гэхээр хүүхдийн мөнгө, вакцины 50 мянган төгрөг, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж гэх мэтээр бэлэн мөнгө тараасан. Төсвийн зардлын тааз удаа дараа хэтэрсэн. Төсвийн урсгал шилжүүлэг 6 их наяд төгрөгт хүрсэн нь үүнийг батална. Эдгээрийг Засгийн газар хэрэгжүүлээгүй бол эдийн засаг ямар байх байсныг Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан, орц гарцын хүснэгтээр симуляц хийлээ.
- Төсвийн зарлага ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байв.
- Өр тавих шаардлагагүй, өмнөх өрөө төлж, Засгийн газрын сахилга бат сайн, эдийн засаг дахь төрийн оролцоо бага байх байв.Төсвийн нийт зардал одоо 16 их наяд байгаа бол 10 их наяд байх байв. Төсвийн зардал ДНБ-ий 25 хувьтай тэнцэх байв.
- Бид 2017 оноос хадгаламжтай болох байжээ.
- Засгийн газрын өнөөдрийн үнэ цэнээр тооцсон өр 30 их наяд төгрөг болсон. Энэ өр бага байх байв.
- Бодит ДНБ өнөөдрийнхөөс илүү байх байв. Учир нь Засгийн газар хадгаламжаа арилжааны нөхцөлөөр хөрөнгө оруулалтад зарцуулна. Өр тавьдаг биш 7.6 их наяд төгрөгийн хадгаламжтай Засгийн газартай байх байжээ. Ийм хэмжээний мөнгө эдийн засаг руу орох байв.
- Төрийн удирдлагаас бусад салбар тэр дундаа барилгын салбар ихээхэн хөгжих байв.
Энэ бүхэн алдагдсан боломж. Дээрх 7.6 их наяд төгрөг дээр 2021-2022 оны улсын төсвийн гадуурх нийт дүнг нэмбэл 9 их наядыг давна. Үүнийг 10 хувийн хүүтэй хадгаламжид байршуулсан бол хүүнээс 900 тэрбум төгрөг олох байв. Бид тэтгэвэрт нэг жилд нийт 3 их наяд төгрөг зарцуулдаг.

Дүгнэлт
Сүүлийн арван жилд бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөөгүй. Энэ хуулийг анх баталсан үзэл баримтлал, зарчмаасаа буцсан. Үүний уршгаар хувийн хэвшлийг эдийн засгаас шахан гаргав. Өрөөр эдийн засгаа санхүүжүүлсэн нь онцгүй. Энэ бол тогтворгүй эдийн засгийн загвар. Бидэнд төсвийн бодлого байгаагүй.
Голланд өвчний шинж тэмдэг эдийн засагт илэрч байна.
Засгийн газрын өр ханшийн нөлөөгөөр байнга өсдөг. Бид жилд 800 тэрбум төгрөгийг өрийн хүүнд төлж байна. Энэ бол маш их мөнгө. Үүгээр өдөрт л хоёр цэцэрлэг барих байв.
Сангийн сайд Б.Жавхлан бид дефолтын ирмэг дээр ирээд буцсан гэж ярьсан. Өнгөрсөн нэгдүгээрт сард Сэнтури бонд гаргаж, Сангийн сайд уужирлаа. Аргентин, Венесуэлд л тохиолддог Голланд өвчин үзэгдэл яагаад бидэнд тулав? Энэ эрсдэл хол биш байсныг санууллаа. Төсвийн тогтвортой байдлын хуулиа дагаагүй тул бид ийм байдалд хүрсэн.
Энэ судалгааг хийсэн манай багийн санал бол төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг 0 болгох. Ингэснээр алдагдалгүй төсөв баталж, алдагдлаа санхүүжүүлэхийн тулд дахин зээл авах хэрэггүй болно гэв.
Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл0