Өнөө үед "Олимпиадын хүн" "Давосын хүн"-ийг орлох болов > Нийтлэл

본문 바로가기

Нийтлэл

Өнөө үед "Олимпиадын хүн" "Давосын хүн"-ийг орлох болов

profile_image
admin
7시간 14분전 13 0

Агуулга

d8b15382760c0efb52f591dc2fe75e16_1790608997_3988.jpg
Платоны “Төр улс” (Republic) зохиолд нийгмийг удирдан захирахад тохирох алтан хүмүүс, цэрэг дайчин болох хувьтай мөнгөн хүмүүс, тариачин болох хүрэл хүмүүсээс бүрдэнэ хэмээн дүрсэлдэг.

1959 оноос хойш дэлхийн хамгийн авьяаслаг өсвөр насны математикчид (сүүлийн үед бусад салбарын онцгой авьяастнууд ч мөн адил) олимпиад хэмээх олон улсын тэмцээнүүдэд ур чадвараа сорьж иржээ. Математикийн олимпиадаас жил бүр нийтдээ 300 орчим алт, мөнгө, хүрэл медаль олгодог. Физик, хими, мэдээлэл зүйн олимпиадаас үүнээс цөөн тооны медаль олгодог.

Эдгээр медальтнуудын эгнээнээс капитализмын түүхэнд урьд өмнө байгаагүй нэгэн шинэ элит давхарга төрөн гарчээ. Тэднийг “Олимпиадын хүн” (Olympiad Man) хэмээн нэрлэе.

Хиймэл оюуны аюулгүй байдлын талаарх өнөөгийн хямралыг Олимпиадын хүмүүсийн дундах хямрал гэж ойлговол хамгийн оновчтой. Өнгөрсөн жил хиймэл оюуны загварууд математикийн олимпиадын алтан медалийн түвшний амжилт үзүүлж чадсан. Түүнээс хойш хиймэл оюун тасралтгүй хурдацтай хөгжсөн нь Anthropic компанийн хоёр судлаачийг ажлаасаа гарахад хүргэжээ. Тэд 2017 онд Их Британийн математикийн олимпиадын багийн гуравны нэгийг бүрдүүлж байсан хүмүүс юм. Anthropic-ийн захирал Дарио Амодей ч нэгэн цагт Америкийн физикийн олимпиадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан ч үндсэн бүрэлдэхүүнд нь арай орж чадаагүй нэгэн. Харин OpenAI үүний хариуд Пол Кристианог ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. Ноён Кристиано хиймэл оюуны аюулгүй байдлын чиглэлээр олон жил ажилласан бөгөөд математикийн олимпиадын мөнгөн медальтай.

“Давосын хүн” (Davos Man) хорь гаруй насандаа McKinsey-д ажиллан карьерынхаа гарааг эхлүүлдэг байсан бол "Олимпиадын хүн" анх согтууруулах ундаа амсаж үзэхээсээ ч өмнө математикийн тэмцээнүүдэд тэргүүлж явсан байдаг.

Маш ухаалаг хүүхдүүд хожим нь маш өндөр үнэлгээтэй насанд хүрэгчид болдог. 2024 онд Google 1994 оны математикийн олимпиадад төгс оноо авч байсан Ноам Шазирыг ажилд авахын тулд 2.7 тэрбум ам.доллар төлсөн. Тэр саяхан OpenAI руу шилжсэн бөгөөд тус компанийн судалгааны тэргүүлэх ажилтан Америкийн мэдээлэл зүйн олимпиадын багийн ахлах дасгалжуулагчаар давхар ажиллаж байжээ.

2010-аад оны үед “Давосын эмэгтэй”-н сонгодог төлөөлөл болсон Шерил Сандберг Meta-гийн хамгийн өндөр цалинтай удирдах ажилтан байлаа. Харин одоо энэ байр суурийг 29 настай, Америкийн бодлого бодох тэмцээний ертөнцөөс холдоод удаагүй байгаа Александер Ванг эзэлж байна.

Үүсгэн байгуулагчдынх нь дунд “Олимпиадын хүмүүс” багтдаг хиймэл оюуны стартапуудаас дурдвал Databricks (190 тэрбум ам.долларын үнэлгээтэй), Cursor (60 тэрбум), Cognition (48 тэрбум), Perplexity (30 тэрбум) зэрэг компани бий.

“Олимпиадын хүн” санхүүгийн зах зээл дээр ч яг адилхан өөртөө итгэлтэй байдаг. Урьд цагт арилжааны талбарт биеэрээ зогсон наймаа хийдэг өргөн мөртэй, ханхар цээжтэй арилжаачид давамгайлдаг байсан бол тэдний оронд одоо гэрлийн хурдаар шахам худалдан авч, зардаг алгоритм бүтээдэг нарийхан мөртэй хүмүүс гарч иржээ.

Томоохон арилжааны компани болох Two Sigma-г үүсгэн байгуулагчдын нэг нь математикийн олимпиадад Америкийг төлөөлж байсан нэгэн гээд бод. Өөр нэг том арилжааны компани бөгөөд “Олимпиадын хүмүүс”-ийн ажиллах дуртай газрын нэг болох Jane Street бүр корпорацын бондын арилжаагаар банкуудыг давж эхэлжээ. Энэ салбар нь Уолл Стритийн спортлог, түрэмгий хэв маягийн арилжаачдын үлдсэн сүүлчийн түшиц газар байж мэднэ. Jane Street мөн венчур хөрөнгө оруулалтад оролцдог (магадгүй олимпиадын нөхдийнхөө байгуулсан стартапуудад хөрөнгө оруулдаг биз).

Криптовалютын ертөнцөд санхүүгийн мэдлэг тааруу, овжин наймаачид олон байдаг ч тоонд гаргууд онц сурлагатнууд ч бас бий. Ethereum блокчейныг үндэслэгч мэдээлэл зүйн олимпиадын хүрэл, томоохон крипто бирж болох Hyperliquid-ийг үндэслэгч физикийн олимпиадын алтан медальтай.

Спортын олимпын аваргуудын нэгэн адил олимпиадын ялалт нь улс үндэстний бахархлын зүй ёсны эх үүсвэр мөн. Гэхдээ “Олимпиадын хүмүүс”-ийг бэлтгэн төрүүлэх, өөртөө татах нь улс орны хүч чадал, баялгийн эх үүсвэр ч болдог. Тэдний ихэнх нь их сургуульд үлддэг байсан үед ч энэ үнэн байв. Харин өнөөдөр олонх нь бизнес, үйлдвэрлэлийн салбарт ажилладаг болсон тул үүний ач холбогдол бүр ч нэмэгджээ.

Тэд сүргээрээ нүүдэллэдэг мэт нэг газраа төвлөрөх хандлагатай. Массачусетсийн Технологийн Институт (MIT) тэднийг татдаг нэгэн хүчтэй соронз бүхий газрын нэг юм. Кембрижийн Trinity College ч мөн адил.

Menlo Ventures-ийн хөрөнгө оруулагч Диди Дас өнгөрсөн 25 жилийн математик, мэдээлэл зүй, физикийн олимпиадын оролцогчдыг судалжээ. Тэднээс хамгийн олныг нь Google ажиллуулдаг. Түүний дараагаар Meta нэлээд хол зөрүүтэйгээр хоёрдугаарт орно. Санхүүгийн салбарт Jane Street-ээс гадна Jump Trading тэдний ажиллах дуртай газар ажээ.

“Олимпиадын хүн”-ийг “Давосын хүн”-ээс илүүд үзэх хангалттай шалтгаан бий. “Давосын хүн” бол хэдэн арван жилийн турш дэлхийн хаана ч очсон өөрийгөө гэртээ байгаа мэт мэдэрдэг байсан ч өнөөдөр хаана ч тийм таатай хүлээн авалт мэдрэхээ больсон, өнгөлөг, чадварлаг корпорацын удирдах ажилтан юм.

Дэлхийн эдийн засгийн форумын “Young Global Leader” яаж болдог вэ? Бурхан л мэдэх байх.

Харин Олимпиадын хүн болж, хиймэл оюуны компанид өндөр албан тушаалд хэрхэн очих вэ?

Ердөө хоёрхон шалгалт чамайг хүлээж байна, найз минь.

Элитүүдийг нэг талаар үл хүндэтгэж, нөгөө талаар атаархдаг нийгэмд хүний чадвар, эрх мэдэл ямар үндэслэлтэй олдсоныг шалгаж болохуйц байх нь давуу талтай. Гэхдээ чөлөөт зах зээл өнөөдөр хамгийн том шагналуудаа анх коммунистуудын зохион бүтээсэн тогтолцоогоор дамжуулан олгож байгаа нь ихээхэн ёжтой хэрэг. Анхны олимпиад Зөвлөлтийн социалист лагерьт зохион байгуулагдсан бол Америк зөвхөн 1974 оноос оролцож эхэлжээ.

“Олимпиадын хүн”-ий даяаршлын тухай төсөөлөл “Давосын хүн”-ийхээс илүү сонирхол татахуйц. Туркийн эдийн засагч Толга Юретийн судалгаагаар 2000-аад онд олимпиадад оролцсон хүмүүсийн талаас илүү хувь нь хожим гадаад улсад амьдрах болсон байна.

Барууны орнууд, ялангуяа Америк олимпиадын авьяастнуудыг идэвхтэй татдаг. Тэдний ихэнхи нь  Румын, Хятад эсвэл Энэтхэгт төрж өссөн байдаг.

“Олимпиадын хүмүүс”-ийг судлах нь цагаачлалын талаарх өрөөсгөл ойлголтуудыг эргэн харахад ч тустай. Зүүнийхэн хүргэлтийн жолоочдоос илүү олимпиадын авьяастнуудыг татахад анхаарах хэрэгтэй юм биш үү? Харин барууныхан үндэсний шигшээ багууддаа цагаачид ямар гайхалтай амжилт үзүүлж байгааг анзаарахгүй байна гэж үү?

Зөвхөн нэрсийг нь хараад, Америкийн бэлгэ тэмдэг бүхий зангиаг нь анзаарахгүй өнгөрвөл Америкийн математикийн шигшээ багийг Хятадын багтай андуурахад амархан.

Алтан медаль байхад л хангалттай

Уильям Ф. Бакли нэгэнтээ Харвардын их сургуулийн багш нарын жагсаалтаас сонгосон хүмүүсээр удирдуулснаас утасны лавлахаас санамсаргүй сонгосон хүмүүсээр удирдуулсан нь дээр гэж хэлж байжээ.

Тэгвэл “Олимпиадын хүмүүс”-ийн нэрсийн жагсаалтаас удирдагчаа сонговол ямар вэ?

Элитүүд мөн чанараараа өөрсдийн удирдаж буй хүмүүсээс тусдаа нэгэн давхарга байдаг. Гэхдээ Олимпиадын хүн бодит ертөнцөөс бүр ч илүү тасархай ажээ.

Түүнд удирдан ажиллуулдаг хүн цөөн, өөртэй нь ижил төстэй замнал, боловсролгүй найз нөхөд бүр ч цөөн. Түүний рационалист философи жирийн хүмүүст солиорлын шинж мэт санагдаж болохоор. (Хиймэл оюуны лаборатори болон хедж сангуудад эффектив альтруизм буюу “үр нөлөөт өглөгийн үзэл”-ийг баримтлагчид олноор бий.)

Тэдний хэрэглэдэг хэл жирийн хүмүүст ойлгомжгүй.

Нарийн төвөгтэй учраас биш. Хиймэл оюуны судлаачид өөрсдийн технологи дэлхийг сүйрүүлэх магадлалыг илэрхийлдэг “p(doom)” буюу “сүйрлийн магадлал”-ын талаар заримдаа тун хөнгөхөн ярьдаг.

Харин асуудал нь бусад хүмүүс тэдний ярьж буй зүйлд итгэдэггүйд оршино.

Хөрөнгө оруулагчид “Олимпиадын хүн”-ийг хэт их санаа зовдог хүн гэж үздэг. Улс төрчид түүнийг дэлхий дахины үйл явдлын талаар тун гэнэн боддог гэж үздэг. Харин олон нийт “Олимпиадын хүн” гэж хэн болох, түүний эзэмшиж буй хүч нөлөө хэр их болохыг хараахан бүрэн ойлгоогүй байна.

Эх сурвалж: economist.com


Сэтгэгдэл0

Сэтгэгдэл байхгүй байна.
게시판 전체검색
상담신청