Ашиг, эш үзүүлэгчид, дасгалжуулагчид ба хаад
Агуулга
Евразийн өргөн уудам нутгийг ийм богино хугацаанд байлдан дагуулахын тулд Чингис хаан тун шийдэмгий хүн байсан нь лавтай. Өнөөдөр өөрсдийн бизнесийн “Эзэнт гүрэн”-ийг байгуулахыг эрмэлздэг, эрс шийдэмгий дүр төрхтэй бизнесийн удирдлагууд түүнийг манлайллын талаар зөвлөгөө өгсөн ном судар үлдээсэн ч болоосой гэж хааяа боддог байж мэднэ. Борлуулалтын баг нь хангалтгүй ажиллаж байвал : Чингис хаан яах байсан бол? Харамсалтай нь, аугаа Монгол хааны үзэл санаа, сургамж бидэнд уламжлагдан үлдсэнгүй.
Гэхдээ түүний зөвлөгөө байсан ч тийм ч их хэрэг болохгүй байсан байж мэднэ. Чингис хаан өөрийн амжилтыг эр зориг, морь унах чадвар, стратегийн суу ухаантайгаа холбон тайлбарлах байсан биз. Гэвч үнэн хэрэгтээ түүний амжилтын гол хүчин зүйл нь цаг агаар байсан гэж Пулитцерийн шагналт түүхч Жаред Даймонд үзэж байна.
Монголын тал нутгийн модны жилийн цагаригт хийсэн шинжилгээнээс үзэхэд Чингис хаан хүчирхэгжин гарч ирсэн үе уур амьсгалын хувьд тун таатай, ер бусын чийглэг байжээ. Хур тунадас их байх нь өвс ургамал арвин ургана гэсэн үг. Ингэснээр дайчдыг тэжээх малын ашиг шим элбэгшиж, мөн нөөц морьд ч өссөнөөр Монголын цэрэг асар хурдан хөдөлгөөнтэй болох боломж бүрдсэн байна. Хэрэв Чингис хаан тухайн цаг үеэсээ 20 жилийн өмнө, эсвэл 200 милийн өмнө зүгт төрсөн бол тэр ердөө л олон дайчин ноёдын нэг болон үлдэх ч байсан байж болох юм.
“Чингис хаан өөрөө үүнийг мэдээгүй ч (учир нь тэр модны цагаргаар он цаг тогтоодог дендрохронологич байгаагүй) яг тохирсон цаг хугацаа, тохирсон газар төрөх аз түүнд тохиожээ” хэмээн доктор Даймонд бичжээ.
Дэлхийн хамгийн олон дагагчтай шашныг үндэслэгчийн үүрэг нөлөөг ч бид хэтрүүлэн үнэлдэг байж болох юм. Есүс яах аргагүй бусдыг татах онцгой чадвартай хүн байсан. Гэхдээ түүнтэй адил олон мянган шашны номлогч тухайн үед байжээ. Есүсийн сургаал дэлхий даяар түгсэн атлаа бусдынх нь түгээгүй гол шалтгаан нь түүний өөрийн бодьгалаас гадуурх бусад хүчин зүйлстэй ихээхэн холбоотой.
Хоёр мянган жилийн өмнөх еврейчүүд тухайн үеийн бусад ард түмэнтэй харьцуулахад бичиг үсгийн боловсрол өндөртэй, Ромын эзэнт гүрний олон хэсэгт тархан суурьшсан байв. Тиймээс Есүсийн сургаалыг бичиж тэмдэглэн, өргөнөөр тарааж, олон хүн унших боломжтой болгожээ. Элч Паул уг сургаалыг еврей бус хүмүүсийн сэтгэлд хүртэл хүрч, тэдний сонирхлыг татахуйц байдлаар өөрчилсөн. Ромын нэгэн эзэн хаан Христийн шашинд орсноор энэ шашин Европ даяар тархсан бөгөөд хожим европчууд дэлхийн бусад хэсгийг колоничлох үед бүх тивд түгжээ. Тэрхүү колоничлол нь үнэх хэрэгтээ христийн шашны сургаалтай огт нийцэхээргүй арга замаар явагдсан юм.
Доктор Даймондын хамгийн алдартай бүтээл болох “Буу, нян ба ган” (“Guns, Germs and Steel”) номд Барууны орнууд хүчирхэгжин хөгжихөд соёлын ялгаанаас илүүтэй газарзүй болон байгаль орчны хүчин зүйлс чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Харин “Ашиг, эш үзүүлэгчид, дасгалжуулагчид ба хаад” (“Profits, Prophets, Coaches and Kings”) номдоо тэрээр олон салбарыг хамарсан өргөн мэдлэг, сэтгэлгээгээ манлайлал хэмээх сэдэвт чиглүүлжээ. Уг ном тун сонирхолтой, уншууртай бүтээл болсон байна.
Яагаад удирдагч хэрэгтэй вэ?
Ер нь удирдагч яагаад зайлшгүй хэрэгтэй байдаг талаар эргэцүүлэхдээ доктор Даймонд 1964 онд Шинэ Гвинейд хийсэн аяллынхаа тухай өгүүлдэг. Тэнд тэрээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан өндөрлөг газрын нэгэн тосгоны оршин суугчид тулгамдсан асуудлаа хэрхэн хэлэлцэж байгааг ажиглажээ.
Тосгоны бүх хүн буюу ойролцоогоор 100 хүн задгай талбайд цугларсан байв. Үг хэлэхийг хүссэн хүн бүр чангаар саналаа хэлнэ. Бүгд бие биеэ мэддэг тул тусгайлан удирдагч байх шаардлага байгаагүй аж.
Харин нийгэм улам томорч, нарийн төвөгтэй болохын хэрээр шийдвэрүүдийг хэн нэгэн зохицуулах шаардлагатай болдог. 20,000 хүнтэй хотын бүх оршин суугч нэг талбайд цуглаад бие бие рүүгээ хашхиран асуудлаа шийдэж чадахгүй.
Гэхдээ тусгай нэг удирдагч бодит байдал дээр хэр их ялгаа бий болгодог вэ? гэдэг нь төдийлөн тодорхой бус.
Үүнийг үнэлэх үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, намтарчилсан арга буюу түүхэн томоохон хүмүүсийн амьдралыг судалж, бусдаас ялгарсан шинж чанарыг нь тодорхойлох. Хоёрдугаарт, статистикийн нотолгоо хайх. Доктор Даймонд энэ хоёр аргыг хоёуланг нь ашиглажээ.
Удирдагч үнэхээр чухал уу?
Ерөнхийлөгчдийг ашиглан туршилт хийх боломжгүй нь мэдээж. Камала Харрисыг Америкийн яг адилхан хуулбар улсын ерөнхийлөгч болгоод Дональд Трампаас илүү сайн ажиллах байсан эсэхийг шалгаж боломжгүй.
Гэхдээ байгалийн туршилт (natural experiment) зохиож болно. Жишээлбэл, удирдагчид жам ёсоороо нас барсны дараа юу болдгийг ажиглаж болно.
Нэгэн судалгаанд 1875–2004 оны хооронд нас барсан эсвэл албан тушаалаасаа огцорсон 183 засгийн газрын тэргүүнийг авч үзжээ. Удирдагч албан тушаал хашиж байхдаа буюу нас бараагүй үеийн эдийн засгийн өсөлттэй харьцуулахад дараагийн үеийн эдийн засгийн дундаж өсөлт бараг ялгаагүй байв.
Гэвч энэ дундаж үзүүлэлтийн цаана асар их хэлбэлзэл нуугдаж байжээ. Өөрөөр хэлбэл, удирдагч солигдсоны дараа эдийн засгийн өсөлт огцом нэмэгдэх эсвэл огцом буурах магадлал мэдэгдэхүйц өндөр байв.
Үүний хамгийн боломжит тайлбар нь хэн удирдаж байгаа нь үнэхээр чухал гэсэн санаа юм. Эдийн засгийг удирдах чадвар муутай удирдагч мориноосоо унаж нас барвал эдийн засгийн өсөлт нэмэгдэж болно; харин чадварлаг удирдагчид ийм зүйл тохиолдвол эсрэг үр дүн гарч болно.
Гэхдээ энэ нөлөө голчлон удирдагчийн эрх мэдэлд тавих хязгаарлалт бага байдаг авторитар тогтолцоонд ажиглагдсан бөгөөд ардчилсан тогтолцоонд бараг мэдэгдэхүйц байгаагүй байна.
Үүнтэй ижил арга бизнесийн байгууллагын удирдагчдын ач холбогдлыг ч харуулдаг. Дани улсад хийсэн нэгэн судалгаагаар компанийн гүйцэтгэх захирал (CEO) нас барснаас хойших хоёр жилийн дотор компанийн ашиг дунджаар 13%-иар буурчээ. Харин ТУЗ-ийн гишүүн нас барахад компанийн үйл ажиллагаанд статистикийн хувьд мэдэгдэхүйц нөлөө ажиглагдаагүй байна.
Товчхондоо, удирдагчид чухал.
Тэгвэл хэрхэн илүү сайн удирдагч болох вэ?
Судалгаагаар боловсролтой байх нь илүү тустай гэж гарсан. Их, дээд сургууль төгссөн ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайдыг зөвхөн дунд сургуулийн боловсролтой хүн залгамжлахад тухайн улсын эдийн засгийн үзүүлэлтүүд муудах хандлагатай байжээ.
Харин эдийн засгийн хамгийн сайн үр дүн бий болгосон улс төрийн удирдагчдын мэргэжлийн чиглэлийг судалж үзэхэд, гайхах зүйлгүйгээр, эдийн засгийн шинжлэх ухааны боловсрол эзэмшсэн байв.
Гэхдээ манлайллыг илүү нарийн ойлгохын тулд тодорхой хүмүүсийн жишээг судлах нь тустай.
Серетсе Кхама ба Ботсванагийн жишээ
Доктор Даймонд ядуу, төдийлөн танигдаагүй улсыг хөгжил цэцэглэлтийн замд оруулсан Ботсванагийн анхны ерөнхийлөгч Серетсе Кхамагийн жишээг дурджээ.
1966 онд тусгаар тогтнолоо олж авах үед Ботсванагийн ирээдүй тун бүрхэг харагдаж байв. Тус улс ердөө долоон миль хатуу хучилттай замтай, их сургууль төгссөн 22 хүнтэй, илэрсэн орд газар, байгалийн баялаггүй байлаа. Мөн колоничлолын дараах Африкийн бусад оронд өрнөж байсан цуст мөргөлдөөнөөс зайлсхийж чадна гэж үзэх онцгой шалтгаан ч байсангүй.
Гэтэл удалгүй Ботсванад алмаз — маш их хэмжээний алмаз илрэв.
Ингэснээр овог аймгууд хоорондоо тэмцэлдэх тодорхой шалтгаантай болов. Гэвч Кхама эрдэс баялгийн өмчлөх эрхийг алмаз илэрсэн газрын овог аймагт (тэр нь өөрийнх нь овог байв) бус, төрд олгосноор энх тайвныг хадгалж чаджээ.
Оксфордын их сургуульд суралцсан тэрээр орчин үеийн ертөнцийн талаар хангалттай мэдлэгтэй байсан тул орчин үеийн, авлига багатай төрийн албыг бий болгож чадсан. Үүний зэрэгцээ нутгийн уламжлал, ахуйгаас хөндийрөөгүй тул ард иргэдийн дунд нэр хүндтэй хэвээр байжээ. Тэрээр тосгоны уламжлалт зууш болох хатаасан авгалдайтай уутыг халаасандаа үргэлж авч явдаг байсан гэдэг.
Мөн тэрээр арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах апартеидын дэглэмийг хувь хүний хувьд үзэн яддаг байсан ч хөрш Өмнөд Африкийн дотоод улс төрд хутгалдан орохгүй байх хэмжээний болгоомжтой бодлого баримталжээ.
Түүний удирдлагын үед Ботсвана дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай улс болсон.
Доктор Даймондын дэвшүүлсэн нотолгооноос үзэхэд Кхамагийн хийсэн зүйлийг тухайн нөхцөлд өөр удирдагч яг түүн шиг хийж чадах байсан гэхэд эргэлзээтэй.
Сайн удирдагчийн шинж чанар юу вэ?
Энэ болон бусад жишээнээс харахад сайн ерөнхийлөгч зөвхөн өөрийн овог, бүлгийн эрх ашгийг бус улс орноо бүхэлд нь төлөөлөхийг эрмэлздэг, шилдэг оюун санаа, мэргэжилтнүүдээс суралцдаг, хөрш орнуудтайгаа шаардлагагүй зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийдэг гэж дүгнэж болохоор.
Гэвч эдгээр чанар байхгүй олон хүн засгийн эрхэнд гардаг.
Олон сонгогч өөрийн бүлгийг илүүтэй өмгөөлдөг, тэмцэгч, мэргэжлийн мэдлэг болон шинжээчдийн байр суурийг үл ойшоодог удирдагчдад дуртай байдаг. Сүүлийн үед популист үндсэрхэг үзэл хүчтэй дэлгэрч буй нь үүнтэй холбоотой гэж нийтлэлд тайлбарлажээ.
Эцэст нь сайн удирдагчийг яг юу бий болгодог вэ гэдгийг тодорхойлох амаргүй. Учир нь удирдагчдад хэрэгтэй олон чанар зөвхөн зохистой хэмжээндээ л давуу тал болдог.
Тууштай байдал — гэхдээ зөрүүд зан болон хувирах хүртлээ биш.
Эр зоригтой байдал — гэхдээ бодлогогүй эрсдэл гаргах хэмжээнд биш.
Энэрэн, нигүүлсэнгүй байдал — гэхдээ бусдад хэт ашиглуулах хэмжээнд биш.
Алсын хараа, холч ухаантай байдал — гэхдээ бодит байдлаас тасарсан хэмжээнд биш.
Доктор Даймондын цухас дурдсан боловч гүнзгийрүүлэн авч үзээгүй нэг чухал санаа бий. Энэ нь улс төр, бизнес болон бусад салбарт удирдагчийг сонгож байгаа хүмүүс өөрсдөө хариуцлагатай, нухацтай сонголт хийх үүрэгтэй гэсэн санаа юм.
Тэд удирдагч бодит байдал дээр юуг хийж чадах талаар бодитой хүлээлттэй байх, мөн агшин зуур “алтан үе” авчирна хэмээн амладаг зальт этгээдүүдийг няцааж, сонгодоггүй байх ёстой.
Харамсалтай нь бодит байдал дээр энэ үүргийг хүмүүс олонтаа үл ойшоодог ажээ.
Эх сурвалж : economist.com
Сэтгэгдэл0